Анхан шатны сургалтанд бүртгүүлэгсдийн анхааралд!!! 11-р сарын 2-ны өдрийн сургалт Сонгон шалгаруулалтын арга хэмжээтэй давхацсан тул цуцлагдсан болно. ММҮИ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Анх Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо (1997-1998 он), Монголын мэргэшсэн үнэлгээчдийн “МОНМҮН” нийгэмлэг (2001-2010 он), Хөрөнгийн Үнэлгээний “ХҮМҮН” нийгэмлэг (2006-2010 он) тус тус байгуулагдан ажиллаж байсан. 2010 оны 1-р сард Хөрөнгийн Үнэлгээний тухай хууль УИХ-аар батлагдсаны дараа үйл ажиллагаа явуулж байсан үнэлгээний МОНМҮН, ХҮМҮҮН ТББ-ууд нэгдэж, 2010 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр бүх гишүүдийн анхдугаар их хурлаараа шинээр батлагдсан хуулийн хүрээнд үндсэн дүрмээ санал нэгтэйгээр хэлэлцэн баталж, МОНГОЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭЛГЭЭЧДИЙН ИНСТИТУТ хэмээх Хөрөнгийн Үнэлгээний Мэргэжлийн байгууллагыг албан ёсоор байгуулж байсан билээ.

Зорилго

Институт нь Монгол улсад үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэх, үнэлгээний үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх болон үнэлгээчид, үнэлгээний байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд сахиулах, үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлж, гишүүдийг мэдээллээр хангах, тэдний мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх,үнэлгээний ажлын чанарт хяналт тавих, гадаад харилцааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Манай эрхэм зорилго нь үндэсний үнэлгээний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх явдал мөн.

Үйл ажиллагаа

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт нь Монголын мэргэшсэн үнэлгээчид, үнэлгээний байгууллагууд, бусад дэмжигч иргэдийг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн, төрийн бус байгууллага юм.

Зарчим

1.Институт нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, ил тод байдал, ардчилсан ёс, үндсэн асуудлаа хамтран шийдвэрлэж, гаргасан шийдвэрийг институтийн гишүүн бүр биелүүлэх зарчмыг хэрэгжүүлнэ.

2.Институтийн үйл ажиллагаа аливаа нам, бүлэглэл, улс төр, шашны байгууллагын үйл ажиллагаанаас ангид байж, хараат бус, шударга, нээлттэй байх зарчимд тулгуурлана.

3.Институтийн гишүүн нь үйл ажиллагаандаа төрийн хуулийг дээдлэн, энэхүү дүрэм болон үнэлгээчдийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд баримтална.

4.Институт нь үнэлгээний үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах замаар Монгол улсад өмчийн үнэлгээний нэгдмэл байдлыг бий болгож, төлөвшүүлэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Санхүүжилт

Институт нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ба санхүүгийн дараах эх үүсвэртэй байна.

Үүнд:

1. Элсэлтийн болон гишүүдийн татвар хураамж
2. Дэмжигчид, ивээн тэтгэгчдийн хандив тусламж
3. Дүрмийн зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого
4. Хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлого